Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө
2012-02-26,22:21
Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө
http://mongoliantranslation.blogspot.com/2010/07/blog-post.htmlОрчуулгын блогоос
-------------------
Саяхан нэг залуу орчуулагч орчуулж буй номынхоо хэсгээс үзүүлж зөвлөгөө авах үед хэлсэн зүйлээ тэр чигээр нь дор тавив. Бусад хүмүүст ч хэрэг болох нь юуны магад.
Орчуулгын талаар саналаа хэлэхэд
Баяр хүргэж, амжилт хүсье. Тун дажгүй орчуулга болсон байна.
Ганц нэг газар үгийн байрлал буруу байна. Ж нь: хоёр бага оврын фургон гэснийг бага оврын хоёр фургон гэх нь зүйтэй.
Зөв бичгийн дүрмийн хувьд эр, эм үгийн “ы” , “ий” –г буруу хэрэглэх дутагдал давтагдаж байна. Мөн “ь”–ийн байх, байхгүй газрыг нь хольж хутгажээ. Гэхдээ энэ бол сүртэй юм бишээ. Редактор тэртэй тэргүй засчихна.
Ер нь нэгэнт орчуулаад эх хэл дээрээ буулгачихсан текстээ 2-3 удаа гүйлгэн уншиж, үгийн эргэлтүүдээ сайтар нягтлах нь зүгээр байдаг. Өө сэв нь дарагдсан текст уншихад аяндаа урсаад явчихдаг бол өө сэвтэй нь болохоор нэг л явж өгдөггүй шүү дээ. Тэгэнгүүт нь тогтож сайтар ажигла. Үг бүрийг нь амандаа хэлэн анхааралтай унш. Тэр үед чинь “хүмүүс тийм амархан шинэ боломж олддоггүйг” гэснийг “хүмүүст шинэ боломж тийм амархан олддоггүйг” гээд засчихвал дээр ч юмуу гэсэн бодол аяндаа орж ирэх вий. Эхнийх нь амархан шинэ боломж гэсэн санаа, хоёр дахь нь шинэ боломж амархан олдоггүй гэсэн санаа байгаа биз?
Өөрийн чинь орчуулж буйтай адил хэлбэрийн бичлэгтэй номыг орчуулахад шинэ орчуулагчдын гаргадаг хамгийн том алдаа нь тэр тэгж хэлснээ тэгж хэлэв гэж товчхонд нь томъёолж болох хэсгүүд байдаг. Ж нь: “Аутсорсинг бол дэлхий дээр болж байгаа энэ нүсэр зүйлийн ердөө ганцхан хэмжигдэхүүн юм” хэмээн Нилекани тайлбарлаад... гээд цааш явахад тухайн хэлний (эх текстийн) онцлогт баригдаад өгүүлбэрээ төгсгөлгүй орхих нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл чи эх текстийг бүрэн орчуулчихсан байдаг. Гэтэл монгол хэл дээр нөгөө өгүүлбэр, хэсэг чинь бүрэн төгсөөгүй мэт болчих нь бий. Энэ нь дараахь өгүүлбэртэй адил алдаа юм. “Чи бол сайн оюутан” гэж багш хэлээд “Гэхдээ чи үүндээ тайвширч болохгүй”. Энд ердөө “гэлээ, хэмээлээ, гэж хэлэв, гэж өгүүлэв” гэсэн төгсгөл нь дутагдаад буй хэрэг.
Энэ мэтийг анзааран засчихад чиний орчуулга тун дажгүй болох нь ээ. Амжилт хүсье.
Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-2
Үгчилж орчуулах уу, утгачилж орчуулах уу? Аль нь дээр вэ гэж нэгэн нөхөр маань надад хандан асуужээ. Аль алинд нь давуу ба сул тал бий. "Алтан загасны үлгэр"-ийг Ц.Дамдинсүрэн гуай үгчлээгүй ч ямар гайхамшигтай боллоо? Гэхдээ эх зохиолынхоо онцлогийг хадгалж өөр хэлэнд буулгана гэдэг тун адармаатай, бас хорхой их хүргэдэг ажил л даа. Гайгүй хийвэл гайгүй орчуулга болно. Гайтай хийвэл хөөтэй оршуулга болно. Манайд орчуулахуйн урлагийн төлөө санаа тавьж, үлгэр үзүүлж байсан хамгийн том төлөөлөгч нь Бямбын Ринчен гуай. Түүний "Эх хэлээ энхрийлж, үгний боловсролыг эрхэмлэе", "Марк Твений минь махыг нь идэж дээ", "Шүлэг орчуулах эрдэм", "Энэтхэг яруу найргийн амт үнэрийг үлдээхсэн гэж..." гэхчлэн олон өгүүллийг манай мундаг орчуулагчдын нэг Г.Аким гуай 1991 онд эмхтгэн "Марк Твений минь махыг нь идэж дээ..." нэртэйгээр хэвлүүлсэн нь одоо хуучин номын дэлгүүрт хямдхан зарагдаж байна лээ. Гадаад хэлний боловсрол нэмэгдсэн, хэрэглээ ихэссэн, орчуулга хийхийг хүсэгчид олширсон энэ цаг үед хамгийн үнэтэй номын л нэг байх учиртай юмсан. Орчуулга, ялангуяа уран сайхны орчуулга хийх гэж байгаа залуус минь энэ номыг хэрэг болгоод нэг умшчихаарай. Саруул-Эрдэнийн сая гаргасан "Сонирхолтой хэл шинжлэл" номыг бас харчихаарай. Сайн сайн орчуулгуудыг эх зохиолтой нь тулгаж үзэх ч бас зүгээр л байдаг. Үүнээс гадна эх хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын төлөө хичээгээрэй. Монгол хэлээ мэдэхгүй байж орчуулга хийх гэх нь мохоо хутгаар яс сийлэх гэж оролдохтой л адил юм болно. Ялангуяа аль ч хэлний өвөрмөц хэллэг, хэлц үгнүүд, хар ярианы хэллэгийг сайн судлахгүй бол хол явахгүй. Оросоор как сельдей в бочке гэснийг монголоор үгчилж орчуулах уу, эсвэл бөгс эргэх зайгүй гэх үү, долгая песня гэснийг үгчлэх үү, нас гүйцэхгүй,туулж дуусахгүй зэргээр буулгах уу гэдэг бодох л асуудал. Түүнээс гадна тухайн зохиолын онцлогийг нь хадгалах гэдэг том ажил бий.Энэ л шалтгаан Шукшины өгүүллэгүүдийг монгол хэлнээ буулгахад хүндрэл учруулсаар өдий хүрч байх шиг... Эцэст нь Б.Ринчен абугайн нэгэн шүлгийг эрхэм орчуулагч танд сонирхуулъя.
ЭТГЭЭД ХЭЛ
Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл
Өв соёлоон үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
...Хэвлэл сонин уншсан үдэшдээ
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.
Галаарид
бичсэн: Degi_22 төрөл: Орчуулгын тухай |